May 28, 2008

~~~Миний эх орон ~~~


Айргын амтанд нь бие сэргэм
Адуун бараанд нь харц сэргэм
Аргалын үнэрт нь сэтгэл сэргэм
Амьдын бахархал миний эх орон

Хуурын эгшигэнд нь сэтгэл уярам
Хурдны моринд нь хийморь сэргэм
Хууч түүхэнд нь омог бардам
Хурмастын тахилагатай миний эх орон

Хөх тэнгэрээс нь заяатай төрсөн
Хөрс шороонд нь өлгийдүүлж өссөн

Хүйн холбоотой төрсөн эх орон
Халх Монгол миний эх орон

May 14, 2008

~~~Алтан овоо~~~


Дархлан онголж тахин шүтсэн
Дарьганга нутгын Алтан овоо
Дагшин рашаан хормойд нь ундарсан
Домог түүхтэй Алтан овоо

Буурал өвөөгийн минь шүтээн

Бурхан тахилгатай Алтан овоо
Буяны үйлд түмэн бишрэлт
Бурхан уул Алтан овоо

Шиврээ бороогоор хуралсан
Шившлэгэ номтой Алтан овоо
Шилийн эрийн хийморь даасан
Шүтээн уул Алтан овоо

Түмэн олондоо яригдсан
Тоорой бандийн жимтэй
Тойрон хүрээлэх уулс нь
Түүхэн холбоотой Алтан овоо

Хүүхэн заяат оройд нь гардаггүй
Хатуу цээртэй Алтан овоо
Хүмүүн заяаны үйлээ даатган
Хүсэлээ шивнэх Алтан овоо

Буурал өвөөгийн тахиж ирсэн
Бурхан уулаа шүтэж явъя
Буян заяагаа даатган залбирч
Бурхан овоогоо дээдлэж явъя

May 9, 2008

~~~Муу санаа~~~



Адгын муу санаа хэтэрвээс
Ажил үйлс тань бүтэлгүй болмой
Амин холбоотон сэтгэл хөрж
Алсын амьдрал гэрэлгүй мэт оршихуй


Хүний мууг эхэлж хайваас
Хүсэл мөрөөдөл хязгаарагдмал болмой
Хүүрнэх олон нөхөддөө муу санaваас
Хүмүүн заяанд тань нүгэл хурмой

Хэтэрсэн муу санаа олдвоос

Хэтийн амьдралд тань лай хурмой
Хэнийг ч ялгалгүй мууд бодохуйд
Хэн ч тоохгүй ганцаардмал оршихуй