Jan 8, 2008

~~Архи~~


Алтан тариан нэрмэл архийг
Аяга аягаар хөнтөрч уувал
Арчаагүй зантай болгож чиний
Амьдралыг чинь бусниулж баллана шүү

Шилмэл буудайн нэрмэл архийг
Шил шилээр нь хөнтөрч уувал
Шалиг зантай болгож чамайг
Шившгийг чинь дэлгэж орхино шүү

Эрээн шошигтой элдвийн архийг
Эцэс төгсгөлгүй гударч уувал
Эрээ цээргүй болгож чамайг
Эвдэж дуусгаж баллана шүү

Бага багаар уусаар байгаад
Баримжаа алдатлаа уудаг болбол
Байр савны хүмүүс чамаас
Бэргэж зугтдаг болох вий

Жаахан жаахан гэсээр байгаад
Жолоо алдатлаа уудаг болбол
Жалга довны найз нар чинь
Жийрхэж зугтдаг болох вий

Сүжү нэртэй со архийг
Сав шилээр нь хөнтөрч уувал
Сэтгэл санаагаар чинь тоглож чамайг
Солио өвчтэй болгон шүү..

Авдаг цалин ахиу боловч
Архи дарсанд өгөөд байвал
Ахуй амьдрал чинь доошоо уруудаж
Архичин нэртэй л үлдэх байх...

Адаг сүүлд нь тэгээд
Аав ээж,ах дүүс
Авгай хүүхэд,анд нөхөддөө
Адлуулж зүдлүүлсэн архичин болов доо анд минь !!!
..........................2006.....анддаа

Jan 7, 2008

**********

Саруул тэнгэрийн оддын ташилттай
Салхин исгэрээ зэгсэн дуутэй шөнөөр
Саран авхай нуурын толионд буусаар
Саатан,наадан шөнөжин бүжиглэлээ

*****

Эхээн үгүйлэх ботгон буйлаа
Энгэр газрын чулуунд ойход
Эзэн дамжсан ингэн тэмээн нулимс
Элэг эмтэрмээр бөн бөн дусална

**********

Бэтгэрч санасан хайрын сэтгэл
Булгилах зүрхний хэмнэл тогшиход
Бодлын үзүүрт шүлэг дуншиж
Бадаг мөр нь чамайг л үгүйлнэ

~~Чамайгаа магтъя~~



Сайхан чи минь сайхан гэж
Сарны туяанд гийгүүлэн байж
Сарнайн дэлбээгээр гоёнхон байж
Сүүн сэтгэлээр чинь сүлэнхэн байж
Сүүдэр тусгалгүй чамайгаа магтъя


Ухаантай чи минь ухаантай гэж
Уяхан сэтгэлийг чинь хөвөлзүүлэн байж
Уран үгээр хэлхэн магтъя
Урлагын бурхан шиг шүтэн байж
Утга төгөлдөр шүлэглэн магтъя

Хөөрхөн чи минь хөөрхөн гэж
Хүмүүн заяаны эхлэлтэй зүүрлэн
Хувирашгүй сэтгэлээр хайрлан магтъя
Хувь тавилангаар учирсан чамайгаа
Хүүгээ санахдаа хөөрөн магтъя

Агуу чи минь агуу гэж
Амьдралд тэтгэх хайрыг чинь дүрэлзүүлж
Алдар цуутнаас илүүтэй магтъя
Арван хэдэн жил зовж, жаргасан юм надтай
Адгын тэнэг болсон ч хамаагүй ээ би
Амраг ханиа л ганцхан магтъя
Сөүл~2008 он